Мах худалдаж авбал бонусанд нь шатахуун өгч байна

Иргэд шатахуун худалдан авахын тулд урт дараалал үүсгэн зам дээр хонож байна. Зарим ШТС-уудаас иргэд 40 мянган төгрөгийн талон авахын тулд мах худалдан авч байгаа тухайгаа хэлсэн юм.
Баянбүрдийн тойргийн урд талд байрлах “Super-92” шатахуун түгээх станцаас бензин худалдаж авахаар зам дагуу машины урт дараалал үүсчээ. Жолооч нарын зарим нь хо носон бол нөгөө хэсэг нь үүрийн 03:00, 06:00 цагт ирж шатахуунд дугаарласан гэдгээ хэлж байв.

Тэдний нэг нь Би өглөөний 07:00 цагаас шатахуун худалдаж авахаар дугаарлаж байна. Өглөөнөөс хойш гурван цаг зогслоо. Тэгсэн шатахуун авахын тулд заавал мах худалдаж ав гэнэ. Шатахуун түгээх станцын дэргэд байрлах махны мухлагаас мах худалдаж авахаар шатахууны 40 мянган төгрөгийн талон зарж байна. Одоо тэр талон нь дуусчихсан гээд махаа зарахгүй хүмүүс үүдэнд нь хүлээж зогсоно. Юу ч болоод байгаа юм бүү мэд. Миний хувьд өдрийн хоолондоо чанаж идэхээр хонины гургалдай, сүүл худалдаж авсан” гэлээ.
Шатахуун түгээх станцын дэргэд байрлах Махлаг нэртэй мухлагт худалдаж буй махны үнийн хувьд үхрийн гуяны цул мах 15 мянга, үхрийн хааны цул мах 14.600 төгрөг, хонины гуяны цул мах 13.500, хонины хааны цул мах 11.900, хонины гургалдай 6000, хонины сүүл 9500, хонины хуйхалсан толгой 4500, хонины машиндсан дотор мах 3000, хонины гүзээ 5000, хонины сархинаг 6000, хонины цувдай 18 мянган төгрөг, хонины гэдэсний цуглуулга 5500, хонины татсан мах 13 мянга, хонины хавирга 13 мянган төгрөг, булууны яс жижиглэсэн 4600, үхрийн хэл 13 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байв.

Мухлагийн гадна дугаарлаж буй эмэгтэй жолооч Шатахуун худалдаж авахын тулд мах худалдаж авах ёстой гэсэн. Тэгсэн шатахууны талон нь дуусчихсан гээд махаа ч зарахгүй юм. Мухлагийн гадна хүмүүс дугаарлаад л зогсч байна. Анхнаасаа мах зарах байсан юм бол талоноо сайн нөөцлөхгүй яасан юм бэ. Зарим шатахуун түгээх станцууд 20 мянган төгрөгөөс дээш шатахуун зарахгүй байна. Хонож өнжөөд шатахуунд дугаарлачихаад 20-хон мянган төгрөгт шатахуун авахаар хэцүү л юм. Эхнээсээ шатахуун нь дууссан машинууд колонк дээр ачуулаад ирж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *